АЛЕФ НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ БА НӨХЦӨЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ – НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ.
1.1. “Зар сурталчилгаа" гэдэгт Хэрэглэгчийн зүгээс өөрийн бренд болон ажил үйлчилгээ эсхүл эцсийн сурталчлагчийн бренд болон ажил үйлчилгээ сурталчлахаар хийж буй зар сурталчилгааны кампанит ажлыг ойлгоно.
1.2. Холбогдох Платформын “Зар сурталчилгааны данс” гэдэгт Алефийн зүгээс Хэрэглэгчийг тухайн Платформд нэвтэрч, зар сурталчилгааг удирдахад зориулж Хэрэглэгчид олгосон дансыг ойлгоно.
1.3. "Зар сурталчилгааны материал" гэдэгт зар сурталчилгаа тус бүрд ашиглах бүтээлч хэсгийг ойлгоно.
1.4. "Гэрээ" гэдэгт энэхүү нэр томьёоны тодорхойлолт ба нөхцөлд заасан Талуудын хоооронд байгуулсан зар сурталчилгааны үйлчилгээний гэрээ эсхүл аливаа бусад хууль зүйн хүчин төгөлдөр гэрээг ойлгоно.
1.5. "Алеф" гэдгийг Гэрээнд заасан утгаар ойлгоно.
1.6. "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль" гэдгийг 9.1.a. бүлэгт заасан утгаар ойлгоно.
1.7. “Авлигатай тэмцэх тухай хууль” гэдгийг 9.1 с бүлэгт заасан утгаар ойлгоно.
1.8. "Хэрэглэгч" гэдгийг Гэрээнд заасан утгаар ойлгоно.
1.9. "Нууц мэдээлэл" гэдгийг 8.2 бүлэгт заасан утгаар ойлгоно.
1.10. “Худалдааны түнш” гэдэгт Алеф (Алефийн хамаарал бүхий аль нэг компани)-ийг Худалдааны түншийн платформтой холбоотой зар сурталчилгаа эсхүл зөвлөх үйлчилгээ үзүүлэх нутаг дэвсгэрт өөрийн албан ёсны худалдааны төлөөлөгч эсхүл дахин борлуулагчаар сонгосон компани тус бүрийг ойлгоно.
1.11. “Үр дүн” гэдэгт Алефийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг ойлгоно. (жич. сэтгэгдэл, товчлуур дарах, түрүүлэлт, суурилуулалт эсхүл бусад хүссэн үйлдэл).
1.12. “Нууц задруулагч тал” гэдгийг 8.2-р бүлэгт заасан утгаар ойлгоно.
1.13. “Хүчинтэй хугацаа" гэдгийг Гэрээнд заасан утгаар ойлгоно.
1.14. Хэрэглэгч нь Медиа агентлаг бол "Эцсийн сурталчлагч" гэдэгт хэрэглэгчийн нэрийн өмнөөс Зар сурталчилгааг байршуулж буй Эцсийн хэрэглэгчийг ойлгоно.
1.15. "Нөхөн төлбөр хүлээн авагч" гэдэгт 12.1-р бүлэгт заасан утгаар ойлгоно.
1.16. "Нөхөн төлбөр олгогч" 12.1.-р бүлэгт заасан утгаар ойлгоно
1.17. "Байршуулалтын Захиалга" гэдэгт Платформ дээр зар сурталчилгаа байршуулахад чиглэсэн Талуудын тохиролцооны бичгийг ойлгоно. Хэрэглэгчийн захиалсан Платформоос хамаарч Алеф нь Байршуулалтын захиалга шаардлагатай эсэхийг тодорхойлох бөгөөд шаардлагатай бол загвар маягтыг ашиглана. Байршуулалтын захиалганд Зар сурталчилгааны кампанит ажил тус бүрд шаардлагатай мэдээллийг тусгасан Медиа төлөвлөгөөг хавсаргана.
1.18. “Оюуны өмчийн эрх" гэдэгт аливаа Оюуны эсхүл аж үйлдвэрийн өмчийн эрхийг ойлгоно. Үүнд, бүртгүүлсэн эсхүл бүртгүүлээгүй эсэхээс үл хамаарч патент, зохиогчийн эрх, загвар, барааны тэмдэг, барааны нэр, барааны хувцас, загвар, интернэт домэйн нэр эсхүл тэдгээрийг бүртгүүлэх хүсэлт зэрэг хамаарах бөгөөд дан ганц үүгээр хязгаарлагдахгүй.
1.19. “Удирдлагын Платформ” гэдэгт Байршуулалтын захиалга буюу Зар сурталчилгаа тус бүрийн Медиа төлөвлөгөөг хийж гүйцэтгэх Платформыг ойлгоно.
1.20. "Медиа агентлаг" гэдэгт Эцсийн сурталчлагчаас түүний нэрийн өмнөөс Зар сурталчилгааг байршуулахаар томилогдсон гуравдагч этгээд болох зуучлагчийг ойлгоно.
1.21. “Медиа Зардал” гэдэгт холбогдох хугацаанд Хэрэглэгчийн худалдан авсан Зар сурталчилгааны нийт үнийн дүнг ойлгох бөгөөд түүнийг тухайн хугацаа дуусахад Хэрэглэгчийн холбогдох Платформууд дахь Зар сурталчилгааны бүх дансыг хамаарал бүхий ханшийн дагуу нийлүүлж тооцно.
1.22. "Тал" эсхүл "Талууд" гэдгийг Гэрээнд заасан утгаар ойлгоно.
1.23. “Платформ(ууд)” гэдгийг Гэрээнд заасан утгаар ойлгоно.
1.24. "Платформын бодлого" гэдгийг Гэрээнд заасан утгаар ойлгоно.
1.25. "Хүлээн авагч" гэдгийг 8.2-р бүлэгт заасан утгаар ойлгоно.
1.26. "Хариуцлага" гэдгийг 9.1.b-р бүлэгт заасан утгаар ойлгоно.
1.27. “Өөрөө өөртөө үйлчлэх платформ” гэдэгт Хэрэглэгч нь Платформ дахь Зар сурталчилгааны бүртгэл дансны худалдан авалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, мөн дүн шинжилгээ, тайланг боловсруулах зэрэг Зар сурталчилгааны үйлдлийг хийх, Зар сурталчилгааны дансаа удирдаж, зар сурталчилгааг төлөвлөхийн сацуу кампанит ажлын бүхий л үйл ажиллагааг төлөвлөн удирдахтай холбоотой үйлдэл хийх боломжтой өөрөө өөртөө үйлчлэх Платформыг ойлгоно.
1.28. “Нутаг дэвсгэр”: гэдгийг Гэрээнд заасан утгаар ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ – ЗОРИЛГО. ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Хэрэглэгч нь Зар сурталчилгааг Платформд байршуулах эрхтэй. Эл зорилгын хүрээнд, Алеф нь дор заасан Платформын аль нэгэнд нь Хэрэглэгчийн Зар сурталчилгааны захиалгыг дангаар тодорхойлж, Хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй. Платформ тус бүрийн эхний кампанит ажлыг идэвхжүүлэхээс өмнө холбогдох үйл ажиллагааг Хэрэглэгчид мэдэгдсэн байна.
2.1.1. Зар сурталчилгааны данс: Өөрөө өөртөө үйлчлэх платформын хувьд, Алеф нь Хэрэглэгчид Зар сурталчилгааны дансыг шилжүүлнэ. Хэрэглэгч нь Зар сурталчилгааны дансаараа дамжуулж Зар сурталчилгааг Платформ дээр шууд захиалж, удирдаж болно. Зар сурталчилгааг байршуулахын тулд Хэрэглэгч нь Зар сурталчилгааны дансаар дамжуулж Зар сурталчилгааны материалыг Платформод байршуулна. Хэрэглэгч нь Зар сурталчилгааны дансны бүх гүйлгээг хариуцна. Иймд, Хэрэглэгч нь өөрийн нууц үгийг чанд нууцлан хадгалах үүрэгтэй ба Зар сурталчилгааны дансыг ашиглах эрхгүй этгээдийн нэвтрэх эрхийг хаана.
2.1.2. Хэрэв Хэрэглэгч нь Зар сурталчилгааны дансаар дамжуулж Зар сурталчилгааг захиалах бол , Хэрэглэгч нь өөрийн байршуулсан Зар сурталчилгааны тухай Платформ тус бүрд хадгалагдсан мэдээллийн дагуу үнэлгээг тооцож төлнө. Платформын бүртгэл гэдэгт байршуулсан Зар сурталчилгаа болон Хэрэглэгчийн төлбөл зохих үнийн дүнг баталгаажуулах баримтууд байна. Хэрэглэгч нь өөрийн Зар сурталчилгааны дансыг дангаар хариуцах тул Хэрэглэгч нь Платформ тус бүрийн хадгалсан үнэлгээг эсэргүйцэх эсхүл түүнээс татгалзах эрхгүй болно. Түүнчлэн, Хэрэглэгч нь Платформ тус бүрийн бүртгэл ба тайланг Хэрэглэгчийн Зар сурталчилгааны данснаас шууд буюу Алефд хүсэлт гаргахгүйгээр хүлээн авна. Үүнтэй холбоотойгоор Хэрэглэгчийн Платформ тус бүрд хадгалагдсан бүртгэл болон тайлан нь Алефийн холбогдох нэхэмжлэх гаргахад шаардлагатай бүх мэдээлэлд хамаарна.
2.1.3. Байршуулалтын захиалга: Удирдлагын Платформд зар сурталчилгаа хийхийн тулд Хэрэглэгч нь Байршуулалтын захиалга хүргүүлэх шаардлагатай. Байршуулалтын захиалга гэдэгт Зар сурталчилгаа тус бүрийн үр дүн, Хэрэглэгчийн зүгээс төлөх үнийн дүн (кампанит ажлын төсөв), эхлэх ба дуусах хугацаа, Зар сурталчилгааны маягтууд болон Талуудын харилцан тохиролцсон бусад зүйлс хамаарна. Хүчин төгөлдөр болохын тулд, Байршуулалтын захиалга нь Алефийн албан ёсны үнийн дүнгийн жагсаалттай нийцэж, Алефаар батлуулсан байх /имэйлээр хүргүүлж болно/ шаардлагатай. Хэрэглэгчийн зүгээс батлагдсан Байршуулалтын захиалганд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд Алефийн зүгээс баталсан байх шаардлагатай. Хэрэв Алеф нэмэлт өөрчлөлтийг батлахаар зөвшөөрсөн бол Хэрэглэгч нь өөрийн оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотой нийт хуримтлагдсан зардлыг нэмж төлөх үүрэгтэй. Энэхүү тохиолдолд нэмэлт Зар сурталчилгаа эхлэх хугацааг сунгаж болно. Зар сурталчилгааг хийхийн тулд Хэрэглэгч нь Зар сурталчилгааны материалыг Алефд хүргүүлнэ.
2.1.4. Зар сурталчилгааг Байршуулалтын захиалганд заасан хугацаанаас өмнө Хэрэглэгчийн зүгээс хийж гүйцэтгэнэ. Хэрэглэгч нь тухайн хугацаанд багтаан Зар сурталчилгааг хийж гүйцэтгээгүй, мөн төлбөрийг урьдчилсан байдлаар Алефд төлсөн бол Алеф төлбөрийг ямарваа нэгэн хүү тооцолгүйгээр Хэрэглэгчийн шилжүүлсэн үнийн дүн, ханштай ижил хэлбэрээр буцаан төлнө. Иймд Хэрэглэгч нь Алефд санхүүгийн үйлчилгээг хүргүүлнэ. Хэрэглэгч нь Алефийг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд, Хэрэглэгчийн төлсөн үнийн дүнд хүү тооцохгүй бөгөөд барьцаатай холбоотой үүрэг үүсэхгүй. Түүнчлэн, Хэрэглэгчийг Зар сурталчилгаа хийгээгүй эсхүл урьдчилгаа төлбөрийг буцаах хүсэлт гаргаагүй байхад Байршуулалтын захиалганд заасан хугацаанаас хойш нэг жил ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд Хэрэглэгч нь урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхгүй болно.
2.1.5. Алеф нь Хэрэглэгчид урьдчилж мэдэгдэл хүргүүлснээр өөрийн батлагдсан Байршуулалтын захиалгыг хамгийн багадаа ажлын 5 /таван/ хоногийн дотор цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд Алеф нь Хэрэглэгчийн хийгдээгүй Зар сурталчилгааны төлбөрийг хувь тэнцүүлэн буцаан төлнө.
2.2 Платформ нь Алефд кампанит ажил тус бүрээр хийгдсэн Зар сурталчилгааны тайланг хүргүүлсний
дараа Алеф Хэрэглэгчид яг ижилхэн Платформын мэдээллийг хүргүүлэх талаар Хэрэглэгч нь ойлгож хүлээн зөвшөөрч байна. Гэвч Платформ нь кампанит ажлын мэдээллийг тусгаарлахгүйгээр гагцхүү Хэрэглэгчийн данс тус бүрчлэн хийж гүйцэтгэсэн Зар сурталчилгааг тайлагнасан бол Алеф нь Хэрэглэгчээс хийж гүйцэтгэсэн нийт Зар сурталчилгааны ажлыг нэхэмжлэх бөгөөд кампанит ажил тус бүрчлэн нэхэмжлэх үүсгэхгүй. Үүнтэй холбоотойгоор, нэхэмжлэхийг тус бүрчлэн хийх эсэх нь гагцхүү Платформын мэдээлэл хүргүүлэх тодорхой шалгуур төвшнөөс хамаарч, харин Хэрэглэгчийн хүргүүлэх худалдан авалтын захиалга нь хамааралгүй гэдгийг Талууд хүлээн зөвшөөрч байгаа болно.
2.3. Хэрэв Эцсийн сурталчлагчийн нэрийн өмнөөс Зар сурталчилгаа байршуулж буй Хэрэглэгч нь Медиа агентлаг бол, Медиа агентлаг нь Алефд Эцсийн сурталчлагчийн талаарх бүх шаардлагатай мэдээллийг (үүнд Эцсийн сурталчлагчийн хуулийн этгээдийн нэр, байгууллагдсан улс, татвар төлөгчийн дугаар ба холбоо барих мэдээлэл зэрэг) хүргүүлнэ.
2.4. Алеф нь Хэрэглэгч хэрхэн Эцсийн сурталчлагчийн мэдээллийг хүргүүлэх талаар шийдвэрлэнэ.
Хэрэв Алеф нь Эцсийн сурталчлагчийн харилцан хамаарал нь Алефийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эсхүл бусад хэлбэрээр хохирол үзүүлэх боломжтой гэсэн үндэслэл бий гэж үзвэл Алеф үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно. Түүнчлэн, Медиа агентлаг нь Зар сурталчилгааны дансыг Эцсийн сурталчлагчийн нэрийн өмнөөс эзэмшдэг бол Медиа агентлаг нь Зар сурталчилгааны дансанд нэвтрэх эрхийг Эцсийн сурталчлагчид олгоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ – ПЛАТФОРМЫН БОДЛОГО.
3.1. Хэрэглэгч нь Зар сурталчилгааг Платформ дээр байршуулахын тулд Хэрэглэгч Платформын бодлогыг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх үүрэгтэй гэдгийг Хэрэглэгч нь хүлээн зөвшөөрч баталж байна. Үүнд: (i) Зар сурталчилгааны материал, сурталчилж буй бараа бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээтэй холбоотой контентын бодлого, болон (ii) Зар сурталгааны төрөл тус бүрийг цуцлах нөхцөл болон холбогдох хураамж зэрэг хамаарах ба дан ганц үүгээр хязгаарлагдахгүй.
Платформын бодлогыг зөрчсөний улмаас Зар сурталчилгааны материалыг татгалзаж буцаах эсэхийг Алеф эсхүл Худалдааны түнш дангаар шийдвэрлэнэ. Хэрэглэгч нь Зар сурталчилгааны материалыг Алефруу хүргүүлэх эсхүл Зар сурталчилгааны дансыг Платформод байрлуулахаас өмнө Зар сурталчилгааг захиалж буй Платформын бодлоготой танилцах үүрэгтэй. Зар сурталчилгааны материалыг нийтлэхээр Алефруу хүргүүлсэн эсхүл Зар сурталчилгааны дансанд шууд байршуулсан бол, Хэрэглэгч нь Алефд дараах амлалт баталгааг өгч байна. Үүнд: (i) Хэрэглэгч нь кампанит ажил явуулах Платформын бодлогыг сайтар уншиж танилцсан; бөгөөд (ii) Зар сурталчилгааны материалын холбоосоор татаж авах боломжтой веб хуудас зэрэг Зар сурталчилгааны мaтериал нь холбогдох Платформын бодлоготой цаг ямагт нийцсэн байна.
3.2. Хэрэглэгч нь Худалдааны түнш Платформын бодлогод өөрийн санаачлагаар дангаар өөрчлөлт оруулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч байгаа ба Хэрэглэгч нь Зар сурталчилгаа байршуулах бүртээ Платформын бодлоготой танилцаж, дагаж мөрдөх тухай амлалт баталгаа өгч байна.
3.3. Хэрэглэгч нь Зар сурталчилгааны дансаар дамжуулж Платформод байршуулсан бүх Зар сурталчилгааны материалтай холбоотойгоор (үүнд Зар сурталчилгааны материалын контент болон Зар сурталчилгааны материалыг татах холбоостой веб хуудас) Алеф болон Платформын өмнө хариуцлага хүлээнэ. Хэрэглэгчийн хариуцлагад Алефийн дангаар шийдвэрлэж, хийж гүйцэтгэх Зар сурталчилгааны материал хамаарна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ – ҮНИЙН ТӨЛБӨР
4.1 Алеф нь Платформ тус бүрд захиалж буй Зар сурталчилгаанд төлөх Хэрэглэгчийн төлбөрийн хэлбэрийг тодорхойлж, мэдэгдсэн байх ба дараах хэлбэртэй байна:
4.1.1 Урьдчилгаа төлбөрийн арга. Нэхэмжлэхийн төлбөр нь Зар сурталчилгаа нийтлэх урьдчилсан нөхцөл байна. Алеф нь төлбөр эсхүл нэхэмжлэхийг хугацаа хэтрүүлснээс үүдэн хоцорч нийтлэгдсэн Зар сурталчилгаанд хариуцлага хүлээхгүй. /бий бол/
4.1.2 Дараа төлбөр эсхүл кредитын арга. Хэрэв Алеф зөвшөөрвөл, Хэрэглэгч нь Зар сурталчилгааг Алефаас түүнд мэдэгдсэн зээлийн үнийн дүнд тааруулан захиалах эрхтэй. Хэрэглэгч нь Зар сурталчилгааг түүнд зөвшөөрсөн зээлийн үнийн дүнгээс илүү өндөр үнээр захиалах хүсэлтэй бол тэрбээр тухайн Зар сурталчилгааг дээр заасан урьдчилсан төлбөрийн аргаар төлнө. Хэрэглэгчийн зээлийг баталгаажуулах эсэхийг Алеф дангаар шийдвэрлэнэ. Иймд, Алеф нь Хэрэглэгчийн зээлийн эрсдлийн үнэлгээнд тулгуурлах, мөн нэмэлт барьцаа авсны дагуу дангаар Хэрэглэгчийн зээлийн эрхийг ямар ч үед хаах, сунгах эсхүл хэмжээг бууруулах эрхтэй байна.
4.2 Аль ч тохиолдолд, Алеф нь Хэрэглэгчийн захиалсан Зар сурталчилгааны холбогдох нэхэмжлэхийг холбогдох татварын хамтаар хүргүүлнэ. Хэрэглэгч нь нэхэмжлэхийг Алефийн заасан банкны дансруу шилжүүлнэ.
4.3 Нэхэмжлэхийн үнийн дүнг Байршуулалтын захиалга дээр заасан Мэдээллийн хүснэгтэд орсон ханшаар тооцож бодно. Хэрэглэгч нь нэхэмжлэхийг тухайн ханшаар төлнө. Хэрэв нэхэмжлэхийн үнийн дүнг дотоодын ханшид хөрвүүлж тооцох бол Алеф нь Хэрэглэгчид мэдэгдсэн ханшруу хөрвүүлнэ.
4.4 Нэхэмжлэхийг хүлээн авсан даруйд Хэрэглэгч нь үндэслэлтэй бол ажлын 5 хоногийн дотор буцааж болно. Хэрэглэгч уг хугацаанд багтаан нэхэмжлэхийг буцаагаагүй эсхүл нэхэмжлэхтэй холбоотойгоор эсэргүйцэл гаргаагүй бол нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Нэхэмжлэхийг хэсгийг зөвшөөрөөгүй бол тухайн маргаан шийдэгдэх хүртэл Хэрэглэгч нь нэхэмжлэхийн маргаангүй хэсгийг төлнө.
4.5 Талууд өөрөөр харилцан тохиролцоогүй бол бүх нэхэмжлэхийг хугацаа дуусахаас өмнө төлөх буюу ямар ч тохиолдолд 30 хоногоос хэтэрч болохгүй. Төлбөрийн хугацаа дууссан бол зөрчилд тооцох тул Алефд ямарваа нэгэн мэдэгдэл хүргүүлэхгүй. Түүнчлэн, Алеф нь энэхүү Гэрээний дагуу эсхүл аливаа бусад Хэрэглэгчийн төлбөл зохих үнийн дүнг суутгаж болно.
4.6 Тал тус бүр хууль тогтоомжийн дагуу энэхүү Гэрээнд зааснаар гүйлгээ эсхүл төлбөрд өөрт ногдох татвар, хураамж ба шимтгэлийг хариуцаж төлнө. Хэрэглэгч нь нэхэмжлэх төлөхдөө хууль ёсны татвар хураамжийг суутган тооцох үүрэгтэй бол төлбөр төлөхөөс ажлын 10 хоногийн дотор Алефд тухайн суутгалын баримт ба бусад холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ–АМЛАЛТ БАТАЛГАА
5.1. Талууд нөгөө Талдаа дараах амлалт баталгааг өгч байна:
a) Тал нь хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан, хүчин төгөлдөр компани.
b) Тал нь энэхүү Гэрээг байгуулах бүрэн эрх, эрх мэдэл ба зөвшөөрөлтэй бөгөөд Гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
c) Нөгөө талд өгсөн мэдээлэл нь бүрэн, зөв ба хүчинтэй болно.
d) Тал нь энэхүү Гэрээ ба холбогдох хууль тогтоомжинд заасан үүргээ зохих ёсоор биелүүлнэ.
e) Талуудын хэн нь ч, эсхүл тэдгээрийн захирлууд, эцсийн өмчлөгч нар өмнө эсхүл одоогийн байдлаар залилан, мөнгө угаах гэмт хэрэг эсхүл эрүү ба төрийн/захиргааны иргэний хэрэг хянан шийдвэрлэх ба шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд холбогдоогүй.
5.2. Түүнчлэн, Хэрэглэгч нь Алефд дараах амлалт баталгааг өгч байна:
a) Хэрэглэгч (эсхүл, бий бол, Эцсийн сурталчлагч) нь Платформ эсхүл аливаа веб хуудас, аппликейшн ба бусад газар байршуулж нийтэлсэн Хэрэглэгчийн Зар сурталчилгааны материал болон эсхүл эцсийн хэрэглэгчийн Платформд заасан ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд хариуцлага хүлээнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ – НӨХЦӨЛ. ХУГАЦААНААС ӨМНӨ ЦУЦЛАХ
6.1. Энэхүү Гэрээ нь 12 сарын туршид хүчинтэй байна. Хугацааг аль нэг Тал нөгөө Талдаа дор зааснаар Гэрээг шинэчлэхгүй байх тухай эсхүл цуцлах тухай бичгэн мэдэгдэл хүргүүлээгүй бол ахин 12 сараар шууд сунгасанд тооцно.
6.2. Аль нэг Тал нь Гэрээ шинэчлэхгүй байх эсхүл дуусгавар болохоос өмнө 30 хоногийн өмнө нөгөө талдаа бичгэн мэдэгдэл хүргүүлсний дагуу энэхүү Гэрээг цуцлах эсхүл шинэчлэхгүй байж болно.
6.3. Мөн, Талуудын аль нэг нь энэхүү Гэрээг нөгөө Талын үйлдлийн улмаас цуцалж болно:
a) Аль нэг Тал нь энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй ба 10 хоногийн дотор залруулах арга хэмжээ аваагүй; эсхүл
b) Нөгөө Тал нь дампуурал зарласан, зээлдэгчтэй гэрээ байгуулсан, дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй болсон эсхүл бизнесийн үйл ажиллагааг зогсоосон эсхүл зогсоох эрсдэлд орсон, хуулийн дагуу залгамжлагчийг тогтоосон эсэхээс үл хамаарч хөрөнгийн тодорхой хувийн хяналтыг алдсан.
6.4. Алеф нь дараах тохиолдолд аливаа Платформтой холбоотойгоор Гэрээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нэн даруй цуцлах эрхтэй байна: (i) хэрэв Алеф нь Платформ(ууд)ын түнш эсхүл дахин борлуулагч байхаа больсон ; эсхүл (ii) энэхүү Гэрээг цуцлахыг аль нэг Платформоос шаардсан.
6.5. Энэхүү Гэрээний хугацаа дууссан эсхүл хугацаанаас өмнө цуцлах бол Алеф нь Хэрэглэгчийн бүх Зар сурталчилгааг шууд зогсооно. Түүнчлэн, хэрэв бүх үлдэгдэл Байршуулалтын захиалга эсхүл Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг шууд цуцлах бол Зар сурталчилгааны дансанд нэвтрэх Хэрэглэгчийн эрхийг зогсооно.
6.6. Энэхүү Гэрээг дуусгавар болох эсхүл хугацаанаас өмнө цуцлах хүртэлх хугацаанд Хэрэглэгчээс Алефд төлбөл зохих бүх нэхэмжлэхийг Хэрэглэгч төлөх үүрэгтэй. Хэрэглэгч нь үлдсэн Зар сурталчилгааны урьдчилгаа төлбөрийг Алефд төлөх бөгөөд Алефийн 4.5-р бүлэгт заасанчлан Алефийн нөхөн төлбөр авах эрхээс үл хамаарч Алеф нь зээлийн эрх олгох 30 хоногийн хугацаанд багтаан ашиглаагүй үнийн дүнг буцаан олгох эсхүл түүнтэй ижил санхүүгийн баримт бичгийг буцаан олгоно.
6.7. Энэхүү Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд 6.5, 6.6, 8, 10, 11, 12 болон 14-р бүлэгт заасан эрх үүрэг хэвээр үлдэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ – ОЮУНЫ ӨМЧ
7.1. Талууд Платформ(ууд) тус бүрийн барааны тэмдэг болон брендийг гуравдагч Талын бүртгэлтэй барааны тэмдэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд, Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэрэглэгч нь тэдгээрийг ашилахгүй.
7.2. Хэрэглэгч нь Хэрэглэгчийн эзэмшиж буй Зар сурталчилгааны материал нь бүхэлдээ Оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан, мөн хэрэв Хэрэглэгч нь Медиа агентлаг бол Эцсийн сурталчлагч нь Оюуны өмчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр энэхүү Гэрээ болон Байршуулалтын захиалганд ашиглах тухай Алефд амлалт баталгаа гаргаж байна. Хэрэглэгч нь энэхүү Гэрээний хүрээнд Зар сурталчилгааг хийж гүйцэтгэхийн тулд Алеф буюу Худалдааны түншид, тухайн нөхцөлөөс хамаарч, хязгаарлагдмал эрхэйгээр Зар сурталчилгааны материалыг ашиглах эрхийг олгосон болно.
7.3. Хэрэглэгч нь Зар сурталчилгааны материал болон Зар сурталчилгааны материалд нэвтрэх эрх бүхий холбоостой веб хуудас нь : (i) аливаа холбогдох хууль тогтоомж эсхүл гуравдагч этгээд эрх эсхүл (ii) Платформын бодлогыг зөрчөөгүй тухай амлалт баталгааг Алефд гаргах байна.
НАЙМДУГААР БҮЛЭГ– НУУЦЛАЛ
8.1. Нууцлалын гэрээ Талуудын хооронд байгуулах бол Талууд бүхий л нөхцлийг баталгаажуулах бөгөөд тэнд заасан үүргийг биелүүлэхээ батлаж байна.
8.2. Нууцлалын гэрээ байгуулагдаагүй бол Талууд эсхүл тэдгээрийн хамаарал бүхий компанийн дамжуулж хүргүүлсэн мэдээлэл (цаашид "Нууц задруулагч тал" гэх)-ийг ажил үйлчилгээтэй холбоотойгоор болон энэхүү Гэрээ байгуулахаас өмнө ба түүний дараа нөгөө Тал эсхүл хамаарал бүхий компаниуд хүлээн авсан (цаашид "Хүлээн авагч" гэх) бүх мэдээлэл нь нууц мэдээлэлд (the "Нууц мэдээлэл") хамаарна. Тодруулбал, "Нууц мэдээлэл" гэдэгт санхүүгийн мэдээлэл, төсөл, маркетинг төлөвлөгөө, гэрээ хэлцэл, барааны нууц, ноу-хоу, төсөв, бизнесийн төлөвлөгөө, дүн шинжилгээ, эмхэтгэл, загвар болон хөгжил боловсруулалтын мэдээлэл, судалгаа болон хуулийн зөвлөх, нягтлан бодогч эсхүл бусад зөвлөхүүд, бусад баримт бичиг болон Нууц задруулагч талын нууц гэж үзсэн эсхүл хүргүүлж буй мэдээлэл нь нууцлалын агуулга эсхүл сэдэвтэй гэж тооцсон аливаа бусад мэдээлэл хамаарна. Нууц мэдээллийг биет эсхүл цахим хэлбэрээр хадгална.
8.3. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол Хүлээн авагчийн хүлээн авсан бүх нууц мэдээллийн нууцлалыг чанд хадгална.Хүлээн авагч тал нь нууц мэдээлэлтэй харьцахдаа түүний хяналт, хамгаалалт эсхүл арчилгаанд анхаарч ажиллана. Ажилтан нууц мэдээллийг хянуур ашиглана. Түүнчлэн, Хүлээн авагч нь нууц мэдээллийг ажил үйлчилгээний дүн шинжилгээ, үнэлгээ хийх болох хөгжүүлэлтээс бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
8.4. Хүлээн авагч нь өөрийн ажилтнууд болон хамраал бүхий компаниуд ба тэдгээрийн ажилтнуудын энэхүү бүлгийн дагуу хүлээсэн үүргийн биелэлтийг хангаж ажиллана.
8.5. Дараах тохиолдолд Мэдээлэл нь Нууц мэдээлэл хамаарахгүй:
a) Хүлээн авагчийг задруулсан эсэхээс үл хамаарч нийтийн хүртээл болсон эсхүл
b) Хүлээн авагч нь Нууц задруулагч талд нууц хадгалах үүрэг хүлээгээгүй гуравдагч талаас авсан мэдээлэл.
8.6. Нууц хүлээн авагч нь шүүх эсхүл бусад төрийн байгууллагаас тавьсан нууц мэдээллийг задруулах тухай шаардлагын дагуу Нууц мэдээллийг задруулах эрхтэй байна. Энэ тохиолдолд Нууц хүлээн авагч нь Нууц задруулагч талд шаардлага хүлээн авснаас хойш боломжит хугацаанд урьдчилан мэдэгдэнэ. Ийм мэдэгдэл нь Хүлээн авагчийн шаардлагыг хүлээн авч, нууц задруулах эрхийн урьдчилсан нөхцөл болно. Хүлээн авагч нь зөвхөн холбогдох байгууллагын шаардсан Нууц мэдээллийн хэсгийг хүргүүлэх бөгөөд Нууц задруулагч талын эрхийг хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээг Нууц задруулагч талтай хамтран авна.
8.7. Хүлээн авагч нь үг үйлчилгээ авахын тулд шаардлагатай бол Нууц мэдээллийг өөрсдийн ажилтнуудтай хуваалцах эрхтэй. Энэ тохиолдолд, Хүлээн авагч нь мэдээллийн нууцлалын тухай Нууц мэдээллийг хүлээн авагч этгээдэд мэдэгдэж, энэхүү Гэрээний нөхцлийг дагаж мөрдөх тухай амлалт авна. Хүлээн авагч нь энэхүү Гэрээний дагуу өөрийн ажилтнуудын нууцлалыг чанд хадгалах үүргийг зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээнэ.
8.8. Алеф нь Худалдааны түншийн хүсэлтийн дагуу, Алефийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл тодорхой Платформтой холбоотойгоор Нууц мэдээллийг задруулах эрхтэй. Энэ тохиолдолд, Алеф нь мэдээлллийн нууцлалын тухай Худалдааны түншид мэдэгдэх бөгөөд энэхүү бүлгийн дагуу үүрэг хүлээх тухай амлалт авна.
8.9. Нууц мэдээлэл нь Нууц задруулагч талын өмч байна. Нууц задруулагч тал нь нууц мэдээллийг устгах тухай хүсэлтийг хэдийд ч гаргаж болох бөгөөд Хүлээн авагч талд бичгэн мэдэгдэл хүргүүлнэ. Энэ тохиолдолд, Хүлээн авагч тал Нууц мэдээллийн бүх биет болон цахим хуулбарыг нэн даруй устгах үүрэгтэй. Хүлээн авагчийн бичгэн мэдэгдлийн дагуу Нууц мэдээллийг устгана. Аман хэлбэрээр өгсөн нууц мэдээлийг энэхүү Гэрээний нөхцлийн дагуу хадгална.
8.10. Энэхүү Гэрээнд заасан нууцлалын үүрэг нь Гэрээний хүчинтэй хугацаа дуусах эсвэл хугацаанаас өмнө цуцлагдсанаас хойш 5 (таван) жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ – ХУУЛИЙН НИЙЦЭЛ
9.1. Энэхүү гэрээнд ззасан үүргээ биелүүлж, өөрийн ажилтнууд, гүйцэтгэгч ба түүний нэрийн өмнөөс ажиллаж буй аливаа бусад этгээд эсхүл хуулийн этгээдийг бүхий л холбогдох хууль тогтоомж ба дүрэм журмыг дагаж мөрдүүлж ажиллахаа Тал тус бүр нөгөө Талдаа амлалт баталгаа өгч байгаа ба үүнд дор заасан хууль тогтоомж хамаарч, дан ганц эдгээрээр хязгаарлагдахгүй:
a) Бүх холбогдох мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль тогтоомж (the “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль”).
b) Орон нутгийн, бүс нутгийн буюу олон улсын төвшинд бүх холбогдох бараа, эдийн засаг ба санхүүгийн хариуцлага (“Хариуцлага”), үүнд АНУ, Европын холбоо, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тогтоосон аливаа санкц хамаарна.
c) Бүх холбогдох авлигатай тэмцэх тухай хууль, үүнд АНУ-ын Гадаад улсын авлигатай тэмцэх тухай хууль, Их Британи нэгдсэн вант улсын хээл хахуулийн тухай хууль болон Европын Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль (t“Алигатай тэмцэх тухай хууль”).
9.2. Хэрэв аль нэг Тал энд заасан үүргээ зөрчсөн эсхүл түүнтэй хэрэгжүүлэх боломжгүй бол нөгөө Талдаа нэн даруй мэдэгдэнэ.
9.3. Талууд дараах амлалт баталгааг өгч байна: (i) аливаа хэлбэрийн хээл хахууль, авлига, эсхүл мөнгө угаах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй; (ii) гагцхүү хууль ёсны болон ёс зүйд нийцсэн бизнесийн үйл ажиллагаа явуулна болон (iii) өөрт ашигтай буюу бизнесийг хадгалах зорилгоор хууль бус зүйл санал болгох эсхүл хүлээн авахгүй.
9.4. Алеф нь Хэрэглэгчийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль, Санкц болон Авлигатай тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хийхийг шалгахыг зөвшөөрч байгаа болно.
9.5. Аль нэг Тал Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль, Санкц буюу Авлигатай тэмцэх тухай хуулийг зөрчсөн нь үндэслэлтэй бол нөгөө зөрчөөгүй Тал нь урьдчилан мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүйгээр Гэрээг цуцлах эрхтэй байх бөгөөд Гэрээг цуцалсантай холбоотойгоор аливаа торгууль төлөх үүрэг хүлээхгүй. Зөрчил гаргаагүй Тал Гэрээ цуцалснаар хохирлын нөхөн төлбөр авах эрхээс татгалзсанд тооцохгүй.
АРАВДУГААР БҮЛЭГ – АМЛАЛТ БАТАЛГААНЫ ТАТГАЛЗАЛ
10.1. Алеф нь энэхүү Гэрээний дагуу хийх ажил үйлчилгээ болон Платформын ажил үйлчилгээтэй холбоотойгоор шууд эсхүл шууд бус хэлбэрээр амлалт баталгаа гаргахгүй бөгөөд үүнд, тодорхой зорилгоор хийгдэх худалдан авалт эсхүл давуу эрхийг баталгаа хамаарах ба дан ганц тэдгээрээр хязгаарлагдахгүй. Мөн, Алеф нь Платформын ажил үйлчилгээг тасралтгүй,алдаагүй явуулна.
10.2. Үүнтэй холбоотойгоор, Алеф нь гуравдагч этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй эсхүл Платформд гарсан үйл ажиллагаа эсхүл эс үйлдэхүйн улмаас учирсан саад тотгорд хариуцлага хүлээхгүй.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ– ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГА
11.1. Хэрэв Алеф нь ийм хохирол гарч болзошгүй талаар мэдэгдсэн бол Алеф нь шууд бус, гэнэтийн, үргэлжилсэн, шийтгэлийн эсхүл тусгай хохирлыг Хэрэглэгчийн өмнө хариуцлага хүлээхгүй (үүнд, ашиг орлогын алдагдал,нэр хүндийн хохирол, ашиглалт алдах эсхүл өгөгдөл алдах зэрэг хамаарна). Энэхүү Гэрээний дагуу хүлээх Алефийн нийт хариуцлагын хэмжээ нь маргаан гарах нөхцөл байдал үүссэнээс хойш 6 сарын туршид Хэрэглэгчийн Алефд төлөх үнийн дүнгээс хэтрэхгүй.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ – ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ
12.1. Талууд 11-р бүлэгт заасан хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд нэг Талын (тухайн нөхцөлөөс хамаарч цаашид “Нөхөн төлбөр олгогч” гэх) нөгөө талдаа болон түүний хамаарал бүхий компаниуд, хувьцаа эзэмшигчид, байцаагч, захирлууд ба тэдгээрийн агентууд нь нөгөө талдаа болон түүний хамаарал бүхий компаниуд, хувьцаа эзэмшигчид, байцаагч, захирлууд ба тэдгээрийн агентуудад (тухайн нөхцлөөс хамаарч цаашид “Нөхөн төлбөр хүлээн авагч” гэх) хохирлыг барагдуулж, хохиролгүй болгох бөгөөд нөгөө Талдаа энэхүү Гэрээний үүрэг эсхүл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөний улмаас төлсөн нэхэмжлэх, шүүхийн маргаан эсхүл аливаа төрлийн хэрэг маргаантай (үүнд, зохистой өмгөөллийн хөлс ба зардал) холбоотойгоор гарсан аливаа хохирлыг барагдуулна.
12.2. Хохирол барагдуулах үүрэг нь хуулийн хөөн хэлэлцэх хугацааны дагуу энэхүү Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан ч хэвээр үйлчлэнэ.
АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ – ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨРЧИЛ.
13.1. Алефд төлбөл зохих бусад нөхөн төлбөрийг үл харгалзан, энэхүү Гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Гэрээний үүргийг зөрчсөн Хэрэглэгч эсхүл түүний Медиа агентлагийн үйлдэлд эсхүл ийм зөрчил гарсан гэж үзэх үндэслэл Алефд бий бол Алеф нь: (i) түр эсхүл бүр мөсөн Хэрэглэгчийн Зар сурталчилгааны дансыг хаана; (ii) ийм зөрчил гаргах болсон Хэрэглэгчийн Зар сурталчилгааг зогсоох буюу (iii) Хэрэглэгчээс Алефд төлөх аливаа үнийн дүнгийн хэмжээгээр Хэрэглэгч нь учирсан хохирлыг барагдуулах бөгөөд гуравдагч талаас гарах аливаа зардлыг хариуцна.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ – ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
14.1. Талууд энэхүү Гэрээний дагуу ашиглах хувийн мэдээлэл нь Талуудын болон гуравдагч талуудын холбоо барих мэдээлэл байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Хэрэглэгч нь Алефд гэрээний үүргээ биелүүлэх явцад харилцагчийн мэдээллийг өгөхгүй байх амлалт баталгаа өгнө.
14.2. Хувийн мэдээллийн хувьд Талууд бие даасан хянан шалгагчийн үүрэг гүйцэтгэнэ. Иймд, Талууд бие дааж үйл ажиллагааны зорилгыг тодорхойлно.
14.3. Талууд энэхүү Гэрээний дагуу цуглуулсан холбогдох хувийн мэдээллийг холбогдох хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлж ашиглана.
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ– БУСАД ЗҮЙЛС
15.1. Нэмэлт өөрчлөлт. Алеф Нэр томьёоны тодорхойлолт ба нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулахаас 3 хоногийн өмнө Хэрэглэгчид бичгэн мэдэгдэл /имэйл байж болно/ хүргүүлснээр ямар ч үед нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд Хэрэглэгч нь нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон даруйд эсхүл түүнээс өмнө энэхүү Гэрээг цуцлах эрхтэй байна. Хэрэв Нэр томьёоны тодорхойлолт ба нөхцөлд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш Хэрэглэгч нь Зар сурталчилгааг үргэлжлүүлэн захиалах бол Хэрэглэгч нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Эдгээр нэмэлт өөрчлөлтийг дараах үндэслэлээр оруулна. Үүнд: (i аливаа Худалдааны түншээс Алефд хүргүүлсэн шаардлага эсхүл зааварчилгаа (ii) үнийн загварын өөрчлөлт буюу (iii) дотоодын хууль тогтоомж, бодлого, хязгаарлалттай нийцүүлэхтэй холбоотойгоор үүссэн худалдааны асуудлууд
15.2. Давагдашгүй хүчин зүйлс. Талууд байгалийн гамшиг эсхүл давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Гэрээний үүрэг хойшлогдох эсхүл биелэгдэх боломжгүй болсон бол хариуцлага хүлээхгүй. Ийм нөхцөлд өртсөн Тал нь нөгөө Талдаа эл нөхцлийн талаар нэн даруй мэдэгдэж, нөхцөл байдлыг арилгах бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана. Өртсөн Талын энэхүү үүрэг нь байгалийн гамшиг эсхүл давагдашгүй хүчин зүйлс дуусах хүртэл хүчинтэй хэвээр байна.
15.3. Түнш эсхүл нөхөрлөлийн харилцаа. Энэхүү Гэрээний хүрээнд Талуудын хооронд эсхүл тэдгээрийн ажилтнуудын дунд ямар нэгэн түншлэл эсхүл нийгэмлэг эсхүл хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй.
15.4. Үл хамаарах. Энэхүү Гэрээгээр эдлэх Талуудын эрхийг гуравдагч талтай байгуулах ижил төрлийн Гэрээгээр хязгаарлахгүй.
15.5. Эрх шилжүүлэхгүй байх. Нөгөө талд бичгэн мэдэгдэл хүргүүлснээс бусад тохиолдолд энэхүү гэрээний эрх үүргийг өөр этгээдэд шилжүүлэхгүй.
15.6. Гэрээний бүрэн бүтэн байдал. Энэхүү Гэрээг Талууд үе үе өөрчилж болох бөгөөд байршуулалтын захиалга нь Талуудын өмнө эсхүл одоогийн харилцан тохиролцсон нөхцөл, ойлголтууд эсхүл гэрээг бүхэлдээ тусгасан болно. Барааны ашиглалт, гааль эсхүл тухайн салбарын үйл ажиллагаа нь энэхүү Гэрээний дагуу Талуудын харилцан тохирсон нөхцлийг өөрчлөх, засах, орлуулах эсхүл солих боломжгүй.
15.7. Тусгаар байдал. Энэхүү Гэрээний аливаа зүйл заалт нь хүчингүй эсхүл хэрэгжих боломжгүй бол тухайн нөхцөлийг хасаж, үлдсэн нөхцөлийг хүчинтэй хэвээр үлдээх ба шаардлагатай тохиолдолд энэхүү Гэрээний зорилгыг хадгалахын тулд холбогдох нэмэлт өөрчлөлтийн боломжит хэмжээнд оруулсанд тооцно.
15.8. Үүрэг үл биелүүлэх. Талуудын аль нэг нь аль нэг цагт нэхэмжлэх, шаардах, шаардлага тавих, шүүхэд гомдол гаргаагүй бол нөгөө Тал үүрэг хүлээсэнд тооцохгүй бөгөөд ийм үүргийг ирээдүйд хэрэгжүүлэхээс татгалзсанд эсхүл чөлөөлөгдсөнд тооцохгүй.
15.9. Мэдэгдэл. Талууд Мэдээллийн хүснэгтэд заасан цахим хаягруу захидал бичих замаар харилцана. Талуудын нөгөө талдаа цахим хаяг солигдох тухай бичгэн мэдэгдлийг хамгийн багадаа 2 хоногийн өмнө хүргүүлнэ.
15.10. Хэл. Талууд энэхүү Гэрээг өөр хэлнээ хөрвүүлнэ гэдгийг ойлгож зөвшөөрсөн болно. Энэхүү Гэрээний орчуулгыг төрийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажилпагаанд ашиглах зорилгоор гуравдагч талын хүсэлтийн дагуу Талуудын бичгэн зөвшөөрлийг үндэслэн эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу хүргүүлж болно. Энэхүү Гэрээний орчуулгыг энэхүү Гэрээ хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байх тухай Талууд харилцан тохиролцов. Англ хэл болон орчуулгын хэлний хооронд аливаа зөрүүтэй байдал үүссэн бол Англи хэлийг баримтална, орчуулсан хувилбарыг Англи хэлний хувилбарт нийцүүлэн өөрчлөгдсөнд тооцно.